Saturday, December 17, 2011

Нэг Өдөр

Хэрвээ хүний амьдрал ганцхан өдрийн хугацаатай байсан бол яах вэ? Хэрвээ хүн хорин дөрөвхөн цаг амьдраад үхдэг бол яах вэ? Хүн маш хурдан хөгширч 1440 минутын дотор үхнэ. Энэ үед хүн бүр өөрийхөө амьдралыг утга учиртай өнгөрүүлж ямар нэг хэрэгтэй зүйл хийхэд зориулах, эсвэл ханатлаа зугаацаж аваад ертөнцийн мөнх бусыг аз жаргалтай царайтайгаар үзүүлэх байсан бизээ.

86400 секунд амьдраад үхэх хугацаанд чи бол миний хамгийн аз жаргалтай дурсамж байх болно. Чиний ялдам инээд, уянгалаг зөөлөн хоолой, ичингүйрч нуугдсан харц, сул хар үс чинь миний сэтгэлд тодоос тод үлдэж, үүл дээшээ орших диваажингын хаант улсын хурцаас хурц гэрэл болох болно. Хүний амьдрал дэндүү богинохон доо, богинохон. Тийм байсан ч би чамайг хайрлахаа зогсоохгүй. Тэнгэр дээрээс нурж, газар доороос хөдөлж, аадар бороо орж, аянга цахилж байсан ч чамайг хайрласаар байх болно. Учир нь чи бол миний хувьд хэзээ ч марташгүй мэдрэмж, юутай ч зүйрлэшгүй амт. 

Бодит байдал дээр бид их олон жил амьдарна. Сурна, хөдөлмөрлөнө, аялна, дуулна, уйлна, жаргана бас зовно... Энэ бүхий л зүйлс бидний өнгөрсөн, одоо, ирээдүйд байсаар л байна. Гэхдээ хайр гэдэг зүйл шөнийн тэнгэрт харваад өнгөрөх ододтой адил ховор ч, номонд тэмдэглэгдэн үлдэж зуу зуун жил дамнан шагшигдах зохиол ч болж болно. Уиллиам Шекспир "Ромео Жуллиет Хоёр"-ыг зүгээр сууж байгаад биччихээгүй нь лавтай, ямар нэгэн хайр эсвэл жинхэнэ болсон явдал түүний онгодыг дуудаж агуу хайрын зохиолоо бичихэд нь тусалсан байх. Тиймээс би чамайг хайрласан хайраа дэлхий даяар уншигдах агуу зохиол болгож чадахгүй байж магад ч, чи бидний хооронд байх бяцхан тэр зайнд Ромео Жуллиетээс илүү бас аз жаргалтай төгсгөлтэй тэрхүү романыг бичихэд минь туслаач. Би хэдхэн жил ч амьдрах бай хамаагүй, чамайг хайрласан хугацаа минь хэдэн зуун жил ч бай хамаагүй, миний сэтгэлд чамд дурласан хугацаа минь амьсгал хураах мөчид нэг өдөр эсвэл 24 цаг эсвэл 1440 минут эсвэл 86400 секунд байсан юм шиг л хангалтгүй санагдах болно. 

Monday, November 21, 2011

Ододоос од унах шөнө

Чин сэтгэлээ илчлэх цогтой хархүүгын нүдэнд
Чимээ чагнан зогсох гэрлэн дохион сормуусанд
Чи л байхгүй бол утгагүй ертөнцийн энэ хэсэгт
Чимээгүй унах цасан тэнгэрээс мэлтэрэн бууна

Хийлний уянгалах эгшиг, хийлчний сэтгэлийн гүн дэх гуниг ухаарлыг хорвоогын хамгийн нарийн яниар дуулахын зэрэгцээ уйлна. Бурхан байдаг гэдгийг гэрчилсэн энэ аязыг чихтэй хүн бүхэн шагшиж, ам хүн бүр аялна.

Tuesday, October 11, 2011

Саарал тэнгэртэй хотын минь нийслэл Улаанбаатар өнөөдөр ч гэсэн сааралтана. Өчигдрийн бороо өнөөдөр зогссонгүй гунигаа тээн хөвөх үүлс тасралтгүй уйлсаар л. Монголдоо л Уолл Стрийт болсон гудамжуудаар завгүй хүмүүс шүхэр барьсаар хурдан гэх чинь алхална.

Найзтай хүн гэж сайхан юм аа. Хээв нэг алхаж шалтагаас өөр тоочих юмгүй явахад урам хайрлана. Найрлаж наадаж, цэнгэж зугаацаж явахад хамт инээнэ. Охид ярьж санаа алдахад зовлон нимгэлж урмын үгс хэлнэ. 9 гаригтай нарны аймгын цорын ганц амьдралтай дэлхий дээр ганцаараа амьдраагүй гэдгээ мэдэх сайхан юм.

Monday, September 12, 2011

Намар 2010

Нэг л мэдэхэд эргэж хараад дүгнэлт хийх цаг нь болжээ. 2010 оны гундуухан намар багш ноорхой хувцастай муу шавьдаа юу заасныг сөхөж нэг үзье. Хичээлийн мөнгөн хонх жингинэхтэй зэрэгцэн их сургуулийнхаа хуучирч элэгдсэн босгыг ахин нэг удаа би алхалаа. мартагдашүй сүүлийн 2 жил үнэхээр харвасан сум шиг чихний хажуугаар сүнгэнэн өнгөрчээ, хөлсөө урсган байж сурсан хэдэн юм маань энэ жил хэрэг болно гэдэгт итгэлтэйгээр гэрэл цацарсан эрдмийн өргөө лүү орсонсон. Толгойндоо цөөхөн ном хийсэн миний бие өөрийгөө даанч их юманд санаж явждээ...

Салъя гэж салсангүй салаа замын эрхээр саллаа даа гэгчээр ижилсэж дассан нөхдийнхөө талтай нь нэг дээвэр доор сурахаа байж амьдралынхаа шороонд дарагдсан шатаар ахин нэг шат дээш алхалаа. Шинэ анги шинэ хамт олон гэж сайхаан, өмнө харж байгаагүй үе тэнгийхэнтэйгээ шохой нь ханхалсан хар самбараас нэг ном заалгана гэдэг давтагдагүй завшаан. Танихгүй хүмүүстэй болгоомжилж муухан харьцдаг ч гэсэн шинэхэн танилуудтайгаа анд барилцаж нэрээ мэдэлцэж авлаа.

Түрүү намар гашуун зүйл амталсан болохоор энэ жил гарааны морьд шиг л бэлтгэлтэй байлаа. Зүрхэн дэхь хутганы сорив ул мөрөө үлдээгээд арилж байхад юугаа ч мэдэхгүй би дахин нэг сорилтыг хүлээсээр л. Амьдрал надад бусдад ханддаг шигээ шудрага хандаж байгаа гэдэгт хоосон итгэсээр түүний далайд сэлүүрээ алдчилгүй сэлүүрдэж яваа ганц далайчин би хэзээ ч сөхрөхгүй мэт зориг гарган ахин гүн цэнхэр тэнгисийн ёроол руу өнгийн харахаар шийдэв. Гэвч юу ч болсонгүй. Нүдэндээ итгэж өгөхгүй тул давстай агаараар дүүрсэн чихээрээ нэг чагналаа, бас л юу ч сонсдсонгүй. Энэ намар номын хэдэн хуудаснаас өөр юуг ч тархиндаа авч үлдсэнгүй тул яргуй цэцэглэж, хайр түгээдэг урин хаврыг хүлээхээр шийдлээ.

Чамд Амжилт Хүсье

Хүйтэн байна шүү, 9 сарын 12ны өдөр. Завгүй дуу сонсож, завгүй хүмүүсийн нэг нь болж, завгүй дүрдээ итгэн, завгүй юм шиг л алхана. Амралтын 3 сар нэг л мэдэхэд нисээд өнгөрсөн ч азаар бид нисгэгч нь байждээ. Өдөр болгон шинэ ч өнгөрөөж байгаа бид нар нь хуучин нь харамсалтай. 

Надад ямар ямар асуудлууд байна вэ? Тэднийг яаж давж гарахав? Мөнгө яаж олохов? Ирээдүйгээ яаж сайхан байлгахав? Яаж өөрийгөө засхав? Яаж? Яаж? Яаж? Энэ яажуудыг зүгээр л хараал идэг, нөгөө шар айрган далай дээр шарсан тахиа хөвж явдаг, шаналж мөнгө төгрөг хайх хэрэг байдаггүй тэр маш холын гариг луу явчихмаар цөвүүн цаг ирждээ. Өнөөдрөөс шууд л өөрийгөө өөрчилмөөр байна. Дандаа ном уншиж, зөв зүйл хийж ерөөсөө буруу цаг гарзадсан зүйл хийлгүйгээр амьдралыг туулмаар байгаа ч өөрийгөө ялж муу зуршилуудаасаа салж чадахгүй хэвээр хэдэн ч жилийг ардаа үдчихэв дээ. 

Уул нь хүмүүсийн асуудал надад хамаагүй өөрийгөө л болгож явбал болох нь тэр ч гэлээ хүн хажууд чинь алдаад байхад хараад сууж бас заримдаа тэсэхгүй юм. Хаяа нэг залхуу хүрсэн үед эсвэл намайг араар нь ярьдаг хүмүүс тусламж асуухад үгүй гэж хэлдэг ч дараа тэгье гэдэг байждээ л гэж бодох юм. Уул нь хүмүүсийг араар нь ярьдаггүй байвал зүгээрсэн гэхдээ яаая гэхэвдээ тэдний эрх хойно.

Миний харж явдаг хүн өөр хүнд сайн юм байнлээ, би юу ч хэлэхэв хараад дотроо л дэмжихээс өөрөөр тусалж даанч чадахгүй нь. Чи хайртай хүнээ битгий алдаарай яг би чамайг явуулсан шиг, чамд амжилт хүсье.

Өнөөдөр л амьдрал ийм муухай байж дандаа надад асуудлууд тулгарч үргэлж би шаналж явна гэж байхгүй ээ. "Хэдий чи зуун сарнай хүссэн ч тэр чам дээр нэг л өдөр бороо шиг орохгүй, харин чи сарнайг тарих ёстой" Жорж Эллиот.

Tuesday, August 2, 2011

Зүгээр л

Нар шарж хүмүүс углааш, шорт, футболктой явах нь зун арай дуусах болоогүйг илтгэсэн ч хэдэн өдрийн өмнө сэрүүсч дааруулсан нь намар болгон мэдрэгддэг тэр нэгэн хуучны бас танил мэдрэмжийг сэдрээж орхижээ. Навчис шарлаж хөлд шарх шарх хэмээн дуу гаргахдаа нэгийг бус нэлээдийг зөвлөх шиг. Ээ хуучин анд намар минь дээ, бид ахиад л уулзах шив дээ...

Тэр нэг жил чи ихийг заасан даа. Юм үзээгүй балчир хөвгүүнд арай хатуу биш ч гэсэн амьдралын амтанд гашуун амт бас байдаг юм байна гэж сургаж билээ. Одоо хэрнэ үл мартана. Гэхдээ шарх нь аль хэдийн аниад их уджээ...

Tuesday, June 21, 2011

Хаяа л...

Юм юмны эхлэл гэдэг их хэцүү. Хэрвээ та бат бөх байшин баръя гэвэл танд нугарашгүй хундаам байх хэрэгтэй, хэрвээ та хүмүүст таалагдъя гэвэл анхны сэтгэгдэл мартагдашгүй байх хэрэгтэй.

Хамтдаа өнгөрүүлсэн дурсамжгүй бол, хаяа өвдөх шаналалгүй
Хамтдаа татуулсан зураггүй бол, хаяа харах зовлонгүй...

Уужим энэ дэлхий дээр юм бүхэн өөрийн гэсэн зорилготой. Эгэл амьдралын минь хорин жилд орж гарсан хүн болгон надад нэгийг бус нэлээдийг заасан. Ээж минь надад амьдралын мөн чанарыг сургасан, эмээ минь надад хорвоогын мөнх бусыг үзүүлсэн, аав минь надад хүнд итгэх итгэлийг харуулсан, найз нар минь надад хүний сайхан орчлонг таниулсан. Ингээд бодохлоор хүн болгон хэн нэгэн өөр хүний амьдралд хөл тавих болгондоо түүнээс бас түүнд ямар нэгэн зүйлийг ухааруулдаг. Тэр зүйл ямар ч зүйл байж болно, эрээнтэй бараантай энэ хорвоод мууг үйлдэх нэгэн мууг зааж сайн явах нэг сайныг сургана. Гэхдээ чи надад юу сургасан бэ?

Би чамаас өөрөөрөө байхын гоо үзэсгэлэнг сурсан байж болох оо, би чамаар хүнээс дутахгүй явахыг заалгасан байж магадгүй ээ, би чамаар хүн болгонд боддог өөр нэгэн байдаг гэдгийг заалгасан байх аа. Хэдий олон зүйл заалгасан ч чиний явах цаг чинь 1 жилээр эрт байна, магадгүй 6 сар, магадгүй маргааш. Дотор минь байсан бүх мэдрэмж мэдрэгдэхээ болихтой зэрэгцээд чи миний даруухан хэрнээ хөгжилтэй амьдралаас босго даван гарлаа, баяртай.

Хэн нэгнийг тавьж явуулна гэдэг зүрхнээсээ нэг хэсгийг өгөөд явуулахтай адил амаргүй даваа. Зовлон шаналал, уйтгар гуниг, ганцаардал... Энэ бүгд та зүрхээ хэн нэгэнд атгуулаад алдахад мэдрэх мэдрэмж. Харууслын гашуун нулимас хоолойнд чинь зангирахад хайр гэдэг гашуун хэрнээ амттай дарснаас ахиж амсахгүй гэж ам тангараг өргөж үлдсэн амьдралаа ганцаар туулахаар сэтгэл шулуудаж энэ биеэ үл хайхран тэмцэх эцэс төгсгөлгүй халуун цөлийн аян замын эхлэл. Гэвч хүний хүү чи бүү шантар.

Бороонд норж дуусаагүй бол борооноор жаргалтай алх. Итгэл сэтгэлд хязгаар байдаггүй чиний цээжинд энэ ертөнцийн хамгийн сайхан хайрлахын жаргал үүдийг чинь тогших цаг ирнэ ээ. Иймд би ч бай чи ч бай анд минь бидэнд зөвхөн ирээдүй гэдэг ганцхан бас эцсийн сонголт байгаа. Өнгөрсөндөө амьдарвал уруудахын цондон.

Хэрвээ гол эсрэгээрээ урсаж, цэцэг доошоогоо дэлбээлж, хүн хөгширч биш залуужиж үхдэг байсан бол магадгүй би чамайг өчигдөртөө амьдрахыг хүлээн зөвшөөрье. Одоо чиний сэтгэлд хэн нэгэн байж, яг энэ мөчид л чи түүнийг санаж үүнээс илүү зовлон байхгүй юм шиг өвдөж байвал, найз минь чи маргааш ирэх үүнээс хүнд давааг яаж давна даа... Өнгө алаг энэ орчлонд амьд явахад жаргадаг болохоор тэнгэрт хальсан үй түмэн хүмүүсийн хүсээд хүсээд олдошгүй өнөөдрийн тоосыг хөдөлгөж яваа хүмүүн чи бүү бууж өг.

... Хамтдаа явсан замгүй бол, хаяа эргэж харах шаардлаггүй
Хамтдаа хийсэн зүйлгүй бол, хаяа дурсан санах санаашралгүй.

Sunday, June 5, 2011

Зөвхөн урагшаа алх.

Амьдрал утгагүй санагдаж, дэргэд чинь чамайг гэх хэн ч байхгүй болоход чи юу бодогддог гэж бодож байна? Чи хэнд ч юу ч ярьж болохгүй, яагаад гэвэл тэд ойлгохгүй... Чиний мэдэрч байгааг мэдэхгүй учраас. Үхмээр санагдаж байна уу гэж үү? Үгүй... Бүр амьдрамаар санагдаж байна.

Хорвоо гэдэг уужим дэлхий, уулын зам намтай өндөртэй, хүний амьдрал эрээнтэй бараантай. Чухам ертөнц чиний мууг үзэж гарах гарцгүй болгосон цагт чи зүрх сэтгэлээ сонсоорой. Тэр чамд нэг зүйл хэлэхийг хичээж байгаа, заавал сонсоорой. Би одоо тэрний юу хэлж байгааг сонсохгүй байна. Би түүнийгээ гүйж байхдаа хаа нэгтээ алдчихаж. Буцах явах гэтэл цаг зөвхөн урагшаагаа л цохилдог, хэн нэгнийг олж ирэхийг хүлээнэ гэвэл алтан цагаа үрсэн ялд унана. Яалтай ч билээ дээ, цаашаа л явхаас.

Ирээдүйд намайг юу хүлээж байгааг би хэлж мэдэхгүй ээ. Гэрэлтэй эсвэл харанхуй амьдралын алин болохыг нөгөө бурхан гэдэг аугаа хий хоосон зүйл нь мэдэж байгаа. Би өөртөө л итгэдэг, гэхдээ тэр итгэл минь үнэхээр бага болчихож дээ чааваас. Амьдрал хэцүү санагдаж бүгдийг өнөөдөр дуусгамаар санагдах мөч ирэхэд хүний цээжинд хүнд юм л мэдрэгддэг юм байна. Би амьдралыг тавьсан занганд өөрөө гүйгээд орчихож, одоо миний харж байгаа зүйл зөвхөн өтгөн манан. Намайг чи алдаж гишгэхийг хүлээж байлуу? Тэгвэл би алдаж гишгэх байтугай, чиний өмнө инээдийг чинь хүргэн ухаангүй хэвтэж байна. Чи надаар юу дуртайгаа одоо хийж болно. Чи надад байсан бүх найдварыг нэг нэгээр нь алчихсан, одоо тэд амь орохоосоо өнгөрсөн. Амьдрал чи намайг мохоож байна даа.

Хаяа хаяадаа нүдэнд минь гал дүрэлзэнэ, харамсалтай нь удалгүй бөхнө. Чухам энэ л амьдрал гэдэг нь байх, чухам энэ л жаргал, зовлон гэдэг томъёо нь байх. Энэ 2 томъёон дунд хүмүүний амьдрал эцэс төгсгөлгүй эргэнэ, азтай нэг нь жаргаж, аз дутсан нэг нь зовно. Гэхдээ битгий бууж өгөө анд минь, хорвоо чамайг надад хандаж байгаа шигээ байвал битгий бууж өг. Яг түрүүний хэлсэн шиг цаашаа л яв. Солонго гарахын өмнө аадар бороо ордогыг сана, нар мандахын өмнө түнэх харанхуй ноёолдогыг сана.

Зүрх сэтгэл минь юу хэлж байгааг одоо би сонсож байна. Амьдралын тавьсан занга нь жаргалын түлхүүр байдгыг сануулж байна. Гишгэл алдах үед чинь тосч авахгүй ч мууг үйлддэггүйг хэлж байна. Тиймээс найз минь энгүй энэ хорвоо хатуу биш харин зөөлөн юм байна. Битгий жаргал ирнэ гэж хүлээ, түүнийг амьдралаас булаагаад ав. Тэрэнд бүгдэнд нь хүрэлцэхүйц жаргал байгаа, гэхдээ урагшаа явахаа мартаж болохгүй, мартсан нэг нь өнгөрсөндөө үлдэж зовдог жамтай юм шүү. Иймд чамд аз жаргал хүсье. Амьдрал чамайг бас намайг мохооддоггүй хурцалдаг, тэр нулимсанд дургүй инээмсэглэлд дуртай.

Tuesday, May 24, 2011

Хариултгүй асуулт

Энэ дэлхий дээр юу хамгийн сонин гэдгийг та мэдэх үү? Тэр бол хайр.

Хаврын хавсарга хавиргийг минь нэвт үлээнэ, яг л намайг тэр дор нь хийсгээд аваад явчих гэж байгаа юм шиг л догшин авирлана. Гэхдээ тэр намайг аваад явах учиргүй, хүний гол юм байна бас үлдчих байлгүй. Хурмаст тэнгэр уйтгарлаж байсан учир гунигаа дийлэлгүй мэгшин уйлж эхэллээ. Бас л бороо... цагаа сайн олох юм аа.

Хэдхэн цагын өмнө л би зүв зүгээр байсан юмсан, тэгтэл одоо энгүй их хорвоогын хэсэгхэн хирнээ хэмжээлшгүй их шаналал духны үрчлээсийг бататган бодол болон хувирсан байгааг мэдэрлээ. Би хүүхэд байхдаа зовлон үзсэн хүний магнай үрчлээ ихтэй байдаг гэж боддог байлаа, харин өнөөдөр тэдний нэг болоод явахаа даанч мэдээгүй явж дээ хөөрхий, эрх загнасан бага насаа гэж...

Дуунд дуртай Монгол ард түмнийхээ нэгэн адилаар дуулах дуртай, би. Микрофондоо хамаг зовлогоо шинэгээгээд цээжнийхээ хамаг чадлаар дууллаа. Хоолоо минь хүрэхгүй ч зүрх сэтгэлийнхээ гүнээс дууллаа.

Love of my life don't leave
You've taken my heart
And now you leave me
Love of my life can't you see... гээд хоолой зангирав, хэсэг хугацаанд чимээгүй сууж бодлоо цэгцэллээ, би одоо ингэж болохгүй... би одоо сул талаа бусдад харуулж болохгүй. Ая явсаар л дэргэдэх хүмүүс дуулсаар л. Ахин нэг удаа гүнзгий амьсгаа авч үргэлжлүүлсээр арай хийж микрофоноо шаналалаасаа салгалаа. Фреди Меркьюри энэ дууг дуулж байхдаа надтай адилхан зовдог байсан болов уу? Хэн мэдэхэв дээ, гэхдээ түүний нүдэнд минийхтай адилхан гуниг харагдаж байсан.

Уушийн газраас гарлаа. Бороо орох гэж байгаа мэт л тэнгэр бүрхэж шороогоор шуурна. Гурван жил ханилсан нөхдөөсөө салаад зам дагуу холхих хүмүүсийн нэг нь боллоо. Боломж гарч магадгүй гэж бодоод түүн рүү утасдлаа, хариултыг нь мэдэж байсан ч би тэнэг юм болохоороо хэзээ ч бууж өгөхгүй л дээ... Бороо орж эхэллээ... Бороо ч цагаа сайн олох юм аа. Яг л урьднах шигээ, зовлонг минь хуваалцдаг миний ганц сайн найз бороо. Түүнтэй мэндэлсэн болгож алгаа дээш нь харууллаа. Мэндийг зөрүүгүй л алгийг минь норголоо, санавал намайг зэмлэж байгаа мэт санагдав. Хэдий би дээвэр доор байсан ч тэр бүгдийг нь харсан бололтой... Уйтгар гуниг явж ч магадгүй гэж татсан ганц хундагыг хүртэл. Цааш гэр лүү зүглэх шулуун боловч хөл ихтэй зам хороонгоо өөрөөсөө асуулаа "Хайр гэж юу юм бэ?" Халамж амлах ягаахан уруулыг уу? Халуунаар тэврэх дулаахан тэврэлтийг үү? Хайртай гэж хэлэх зангирсан хоолойг уу? Харцаа нуух тэр нэгэн ичингүйрлийг үү? Хэлж мэдэхгүй нь дээ... дөчийн талыг наслахдаа хариуг нь олоогүй юм хойно, ахиад нилээн л хугацаа хэрэгтэй байлгүй.

"Та яагаад хайр бол хамгийн сонин бас сайхан зүйл гэж хүмүүс ярьдагыг мэдэх үү? Хэхэ, би ч бас мэдэхгүй. Хэзээ нэг өдөр бүгдээрээ мэдэх байлгүй дээ, тэр болтол цөхрөлтгүй хэдүүлээ хүлээе."

Thursday, April 28, 2011

Бороо

Эзэнгүй гудамж... гэрэлгүй цонх... хэнийг ч үл хайхрах бороо, энэ бүгд хоёр нүдээрээ харсан зүйлс минь. Би гэрээсээ гарлаа, бороо орсоор л... эхлээд тэр хөрж амжаагүй байсан хацрыг минь норголоо, дараа нь гар, дараа нь үс. Бороо надад ямар байгааг ойлгосон юм шиг л миний дээрээс дусал дуслаар бууж байлаа. Ганцаардал цээжинд минь хаант улсаа байгуулаад хэдийнээ амжижээ, гэсэн хэдий ч бороо тэр улсыг мөхөөхийг хүсч, хэлж чадахгүй ч гэсэн надад хань болмоор байгаагаа хэлгүй тэнгэрээс буух албатуудаараа дамжуулна. Зүрх минь үхэж, шаналалын ангал руу унаж байхдаа түг түг хэмээн лугшсаар харанхуй руу шидэгдэх замд хамтрагч минь болж тайтгаруулахыг оролдсон бороо. Тэр миний зовлонг өөрийн ид шидээрээ анагаахын хүсэх боловч найдвар тасарсан гэдгийг би мэдэж байлаа. Яг энэ мөчид хөл минь намайг дагуулан хаа нэгтээ хэн нэгнийг хайн явав.

Гэгээтэй хэдий ч хүйтэн хөндий тэр замаар хайсаар бас алхасаар. Нэлээд хугацаа өнгөрлөө, нэг л мэдэхэд тэдний гадаа байлаа. Бороо орсоор л... гарч ирэхгүйг нь мэдсээр байж цонхноос нь нүд үл сална. Гэнэт ганцаардлын тоосонд дарагдсан дурсамжаас минь тэр нэгэн хаврын уйтай өдөр гэрэлтсээр гарч ирэн бодлын далайд минь унав. Би нэг залууг харж байлаа, итгэл найдвараар дүүрэн тэнэгхэн тэр залуу бол би... Хайрын баланд мансууран тэсгэл алдахдаа сэтгэлээ үл барьж чадсан тэр нэгэн залуу.Тэр хэн нэгний араас урам зориг, сэтгэл зүрх, бүх найдвараа өвөртлөн ангиасаа яаран гүйн гарлаа. Би түүнд хамаг чангаараа зогс! битгий! гэж хэлэх гэсэн боловч би дуугарч чадалгүй хоосон горьдлого тээн ширтэнэ. Тэр өөрийн хайж байсан хүнийг олсон бололтой... харамсалтай нь өвөртөлж гарсан бүх урам нь хормын төдийд ганцхан үгэнд хугарч, эр зориг нь тэр дороо мохож, сэтгэл зүрх нь ахин дахин хайр найргүй амнаас гарах хурц авианд зүсэгдэж, хоёр нүднийх гал ус цацуулсан юм шиг мөхөж байгааг би харж байлаа. Залуугын амнаас гарсан хамгийн сүүлийн үг нь "-Баярлалаа", энэ үг эцэс төгсгөл нь үл харагдах шаналалын үүдийг нүд эрмэх зуур нээсэн түлхүүр байсан юм.

Ухаан минь эргэн ирэхэд би бүдэгхэн гэрэлтэй тэр цонхруу ширтсэн хэвээр, бороо орсон хэвээр боловч өөрчлөгдсөн ганц зүйл нь шалба норсон хувцас. Сэтгэл шулуудан харихаар шийдлээ, нэгэнт л тэр гарч ирэхгүйгээс хойш... хамгийн сүүлийн удаа эргэж нэг хараад чигээрээ алхалаа. Энэ мөчид би даарснаа бас норсноо мэдэрлээ. Улам хурдан, улам том алхасаар... эргэж харчихвий гэхээсээ айж чигээрээ зам дагуу алхасаар л. Хаа нэг тийш алхан өнгөрөх хүмүүс, гэр лүүгээ хурдалж буй машинуудыг үл тоон цээжин дотор өрнөх тулааныг үргэлжлүүлсээр нэг нь мэдэхэд хуучин цэнхэр будаг нь халцарсан орцныхоо хаалганы дэргэд ирсэн байв...

Би гэрээсээ гарахдаа энэ бороонд гашуун дурсамжийг минь угаагаасай гэж хэтэрхий их найдаж байж. Хэдий тэр хүслийг минь гүйцэлдүүлж чадаагүй ч, чадах ядахаараа миний хажууд байж хүйтэн дуслаараа бүлээн нулимасыг минь далдалсан чиний ачийг би мартахгүй.

Thursday, April 14, 2011

Хэрэггүй амьдралыг хэнэггүй туулъя

Хавар болжээ... Өвс ногоо гарч ирээгүй байгаа ч нимгэн хувцастайгаа ганцаархнаа чимээ шуугиан бужигнасан гудмаар алхахад халууцах шиг. Нас нь явсан утасныхаа хэдэн хуучин дууг өдөр болгон ээлж дарааллан сонссоор удахгүй бүгдийг нь цээжлэх байх. Урь ороод ч тэр үү их л ажил хичээл ихтэй бас идэвхитэй амьдралд хөл тавьсан. Намайг ийм байхыг нэг л хүн хүссэн гэж бодоод өөртэйгээ тэмцэн түүний төлөө өөрийгөө завгүй бас залхуугүй байлгаж бор өдөр хоногыг туулан өнгөрүүлнэ.


Дурлал гэж сохор болохоор сайн болохгүй гэж хичнээн зүтгэж, цээжиндээ түгжсэн хэдий ч хорьж болохгүй шувуу адил хэн нэгний өлмийд нисч очоод далавчаа хураан суужээ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй болохоор тэр мэдээж бусдаас онцгой зүйлүүдтэй. Түүний байгаа байдал биеэ даасан яг л тэнгэрт хэний ч туслалцаагүй хөвөх үүл мэт. Харц нь сэтгэлийг минь нэвт харж байгаа мэт мэдрэгдэхээр ухаалаг бас хүчтэй нь юутай ч зүйрлэшгүй. Бид магадгүй жирийн л нэг найзууд байх, хэрэгтэй үедээ ам нээж бусад үед нь би ярих шалтгаан эцэс төгсгөлгүй бодлын далайгаас хайна. Тэрнийг харах тоолонд зүрхэнд минь аянга бууж хурдан хирнээ хүчтэй цохилох ч нөгөө талаас тархины минь эс амьсгал хурааж байгаагаа илэрхийлэхэд харамссан уушиг минь гүнзгий амьсгаа авч харууслын аязаар буцаан гаргана.

Би төөрч байна, би үзүүр нь харагдахгүй харанхуй ой дунд хөл нүцгэн хэн нэгнийг хайн ядрахаа мэдэлгүй гүйж байна. Би айж байна, би уйтай орчлонгын гашуун зовлонгоос ахиж амсахвий гэхээс үхэтлээ айж будилж сууна. Эр хүний зориг тэвчээр хаана байна аа? Аан тийм магадгүй жилийн өмнөх үхлийн шархнаас болоод хорвоогын мөнх бусыг үзүүлсэн байж болох оо. Тэр шарх анисан хэдий ч сорьвоо хэдийнээ цээжин дээр минь хичнээн арчилсан ч арилахгүйгээр үлдээжээ. Хөөрхий дөө энэ залуу гэж өрөвдсөний хэрэггүй ээ, би таниар өрөвдүүлэхээр гавъяа байгуулсан баатар хүн биш, би бол гаднаа жаргалтай ч дотроо зовлонтой олон мянган залуусын нэг нь.

Гэхдээ өдий зэрэгт хүрэх цагын шуурганд би баяр гуниг хосолсон амьдралдаа ганц зүйлийг сурсан байж магадгүй гэж өөрийгөө дуу муутай ч бахархалтайгаар итгүүлдэг. "Хэзээ ч битгий бууж өг" энэ бол миний амьдралдаа баримтлах эхний бас эцсийн зарчим. Нулимсаар ундалдаг амьдрал чиний бахыг хангаж чиний өмнө өвдөг сөхрөн давстай шүүдрийн дуслаа унагахгүй ээ. Би чиний өмнө босч зогсоод хамгийн чангаараа "Би чамаас айхгүй байна" гэж худлаа ч гэсэн хэлэх болно. Тиймээс би алтан шар нар мандахтай зэрэгцэн босч толинд өөрийгөө хараад чиний жаргах цаг чинь болсон гэж хэлээд гэрийнхээ босгын давна аа.

Шударга үнэн бас зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн л юм бол би энэ удаа ялагдал харууслын вальсыг сонсох ёсгүй ээ. Хэзээ нэгэн цагт гэж өөрийгөө тайвшруулсаар залхлаа, тиймээс би өнөөдрөөс, нарт энэ ертөнцөд амьдрал чамтай дайн зарлаж байна. Хэн нь ч ялсан бай би харамсахгүй ээ, хэнийх нь ч зөв байсан би хайхрахгүй ээ. Надад ганцхан зүйл л хамаатай тэр бол чи... 

Чи надтай байхад би зовлонгын жаргалтайг гайхна, 
Чи надтай байхад би ялагдлын дуунд баяртайгаар бүжиглэнэ, 
Чи надтай байхад би өвдсөн ч бахархалтайгаар инээх болно,
Чи надтай байхад надад өөр юу ч хэрэггүй ээ.




Monday, April 4, 2011

Би ганцаараа биш

Хавар болчихжээ... Хэдий өвс ногоороогүй ч дулаахан сайхан өдрүүд. Автобусны үнэмлэхээ алга болгож санаа нэг амарсан, яагаад гэвэл алхах гэхлээр байнга саад болдог эд. Ойрын үед юуг гэмээр ч юмдээ. Нэг л биш. Хүн болгон харагдаж байгаа шигээ байдаггүйн адилаар, гаднаа инээж дотроо шаналж л явна даа. Уул нь хийсэн гавъяагүй байж шаналаж шалтаг тоочих эрх надад байхгүй. Би их аймхай юм. Таалагдсан охиндоо сайн болохоос би айдаг. Дараа нь хаягдвал эсвэл тоогдохгүй бол гэсэндээ. Үүнийг нэг үгээр өргөс гэдэг. Өргөс бол их зовсон хүнд байдаг хашир чанарын илрэл. Хаврын синдом эхэлсэн л юм чинь залуу хүн байна таалагдсан охиноо овоо хараандаа авах нь мэдээж, гэсэн хэдий ч сайн болж чадахгүй нь. Урьд нь ч юу болвол болог гээд л араас нь гүйх ч юм уу оролдоод үздэг байлаа, одоо харин бүр тэр чигт нь орхичиж байна. Буруу л юм байгаа юм даа. Энийг хэдэн долоо хоног бодож явсны эцэст одооноос өөрчилөе гэж бодлоо, яадаг юм зовбол зовно л биз. Залуу хүн алдхыг хэн байг гэхэв, хаширлаад байвал хөгширтлөө яваад байж чадна. Өнөөдрөөс би чамтай дайн зарлалаа хайр дурлалаа, чи ахиж ялах уу? би анх удаагаа хожих уу? харая. Эр хүн долоо дордож найм сэхдэг юм хойно оролдоод үзнэ ээ.

Хүн болгон өөрийн гэсэн бодолтой бас өөрийн гэсэн зовлонтой. Хэрвээ миний таньдаг хүн зовж байвал би туслахыг хичээдэг, бүр өөд нь татчихгүй ч ядаж л жаахан тусалдаг байлгүй дээ. Зарим хүмүүс туслаж байгааг буруугаар харах юм, гэхдээ яахав дээ би л дотроо зөв юм бодож байвал тэр бусдын юу бодох надад хамаагүй. Гэтэл надад таалагддаг нэг нь бас тэгж бодох вий дээ, уул нь санаандгүй л хамт байж таараад байгаа юмсан. Би сайн сонсогч байхыг сурсаан, давгүй зөвлөгч байхыг ч сурсан байж болох, гэхдээ би арай л бүрэн туслаж чадахгүй юм. Би заавал туслах албагүй л дээ гэхдээ чиний хажууд чиний төвөггүй чадах юмыг найз чинь зовж хийгээд байвал зүгээр хараад суух хэцүү, найз чинь амьдралыг утгагүй байна гэж гомдоллож байхад дуугүй хараад байх хэцүү, таньдаг хүн чинь уйлж суухад хажуугаар нь хараад өнгөрөх хэцүү. Би туславал тусалсан шиг туслахыг хичээдэг. Тусалсны дараа би тэд нарт хэрэггүй болсон удаа олон. Хариу нэхэж тусладаггүй ч ядаж л аятайхан харьцаж болдоггүй л юм байхдаа. Хэзээ ч хэнээс ч тусламж гуйж байгаагүй юм шиг л аашилцгаана яг л жаахан хүүхдүүд шиг. Товчхондоо хэлэхэд шалгалт шүүлэг, мөнгө төгрөг, нэмэлт хүч хэрэг болохоор л Оюунболдыг санадаг. Тэрнээс бусад цагт Оюунболд бол хол. За яахав дээ байгаа дээрээ туслаж л байя. Хүн тарьсан тариагаа л хураадаг.

Би л ганцаараа зовоод байгаа юм шиг бодогдож эхэлж байтал нэг хүн азаар гараад ирсэн. Нэрийг нь дурдаад яахав дээ яагаад гэвэл тэр хүн энийг бас уншина. Эмээ дүү 2тойгоо амьдардаг гэсэн, өвөө нь хорвоод хэн ч мөнх амьдардаггүйг гэрчилсэн. Амьдралыхаа зах зухаас ярьхад л миний зовлон хажууд нь хүүхдийн тоглоом шиг санагдсан. Би ч ичмээр юмаа, жаахан зовсноо тэнгэрт тултал бодож ганцаараа л зовж байгаа юм шиг сэтгээд л. Тэгтэл миний хажууд тэр хүн амьдралыг үзчихсэн хүн юм байна. Надтай жацуу ч гэсэн миний хажууд юм үзсэн толгой юм. Хэрвээ чи энийг уншиж байвал би чамд чадхаараа туслана аа гэхдээ битгий их найдаарай миний хийж чадах зүйл тоотой хэдхэн. Бас чамд баярлалаа нүдийг минь жаахан ч гэсэн нээсэнд.

Дуугүй болоод байсан чинь одоо ч сайхан чалчиж өгч байгаа шүү, амнаас хэрэгтэй хэрэггүй үгнүүд унаад л. Яагаад ч юм энэ эхийг хэн нэгэнд таалагдах гэж бичээд байгаа юм шиг санагдаж байна. Уншиж байвал чамд тааруулж бичиж байгаа юм байна Moon Mountain. Хичээл дээр чамайг цоо ширтээд л суудаг бодвол чи ажигласан л байлгүй дээ. Тэнэг санагддаг бол уучлаарай гэхдээ би чамайг харах дуртай. Тэгж суухад өөрийн эрхгүй шүлэг орж ирдэг:

Байгаа байдал чинь энгийн бас чамин
Сэтгэл чинь харин мөнхийн бас цайлган
Өөртөө дасгаад хамт үүрд байхсан
Өөрийн гэсэн хайртай болохсон
Өнөөдөр чамд сэтгэлээ хэлж хүндрүүлэхгүй
Өмнө чинь сөгдөж хайр гуйж зовоохгүй...

Ингээд л ороод ирдэг. Тийм ч сайн болоогүй ээ яагаад гэвэл дурласан хүн л зөвхөн урлагын бүтээл гаргаж чаддаг байх, үгс өөрөө ундарч, бадгууд ээлж дарааллан орж ирнэ яг л хөгжим шиг уянгалаг бас зөөлөн.

Эцэст нь хэлэхэд би энэ хорвоо дээр ганцаараа биш, чи ч бас, бас чи ч бас, хэн ч энэ хорвоо дээр ганцаараа биш. Хэрвээ хэн нэгэн тэгж бодож байгаа бол би чиний хажууд байгаа шүү, чи зөвхөн олж харахгүй байгаа тул нүдээ сайн нээгээрэй. Бас дурсамжийг хайрлах гэж хадгалдаг болохоос бусадтай жиших гэж хадгалдаггүй юм шүү тийм болохоор өнгөрсөндөө бүү амьдраарай уруудхын цондон. Уншсан хүмүүст хандаж хэлэхэд хайран цагаа үрж миний сараачсан хэдэн үгсийг уншсанд баярлалаа.

Sunday, February 27, 2011

Битгий унш.

Хавар болох нь ээ. Дулаахан өдрүүд ойр ойрхон айлчлах боллоо. Хүмүүс хосоо олж синдром нь хөдлөөд л. Ай амьдрал гэж... хэцүү ч юм шиг, сайхан ч юм шиг сонин зүйл юмаа. Сүүлийн үед улам л дотогшоогоо болоод байх юм. Юм дуугармааргүй нэг л сонин. Ээж намайг гэсэндээ өдөр болгон л үглэх юм хөөрхий, даанч би гэдэг хүн чинь зөрүүд, залхуу, тэнэг юм болохоороо сайн ойлгохгүй өнөөдөр л сайхан байвал болох юм шиг санаад л эргүүтээд суух юм даа. Одооноос энэ байдлаа сайхан засъя даа гэж... "Өнөөдөр бол ирээдүйн эхлэл" гэж Эйнштэйн хэлсэн байдаг юм хойно заасан замаар нь л явждээ.

Би дандаа мөрөөдлийн тэр ертөнцдөө амьдарсаар ирсэн, мөрөөдөл бол миний салшгүй нэг хэсэг. Гэхдээ юм бүхэн сайн муу 2 талтай болохоор би ч агаар дээр л хөөрөөд яваад байх шиг байна даа. Хэн нь ч билээ"хүн алдаагаа мэдэж байхад тэр нь түүнд гай болдоггүй" гэж хэлсэн юм гэнэлээ, хаанаас ч юм тэгж уншиж билээ. Залуу хүн байна алдаж онох зүйл байлгүй л яахав, гэвч мэдсээр байж алдах уу? Ер нь бол дандаа л мэдсээр байж алддаг, өөрийгөө магтсан юм бишээ. Угаасаа л ойлгомжтой байдаг гэх юм уу даа. Хэрвээ энэ чигээрээ мал юм шиг мэссэнжэрийн манаач хийвэл ирээдүйд наанадаж 2 идэхгүй хоосон хонохгүй өдрийнхөө талхныхаа мөнгийг олдог болно цаанадаж гуйлга гуйж эцэг эхийхээ гарыг харсан хүн болно. Хэн ийм зүйл хүсэх бэ дээ, уул нь залуу хүн байна эрч хүчтэйхэн шиг л ажилаал сураал баймаарсан. Гэвч би гэдэг хүн одоо яачихсан юм байгаан сайхан комьпютерийн ард заларсан амьд бурхан. Хийсэн гийгүүлсэн юм гээд онцлоод хэлчих юм байна уу дөө, чааваас... Нэг л хэвийн идэвхигүй амьдрал.

Хорвоо уужим юм болохоороо элдвийн хүмүүстэй таарах юм даа. Хэнээс ч нууцаа нуудаггүй хүн гэж байхад хэнд ч нууцаа хэлдэггүй нэгэн байх юм. Амаа хамихаж суръя даа, алсдаа хэрэг болохгүй эд болохоор. Хаана хүн инээж, чарлана би л тэнд эргүүтээд байж байх юм. Дараа нь бодоод би тэнд тэгж хэлж л байдаг бас л болоогүй л байна даа гэж бодох юм. Нэг сайхан аавын алганы амт дутаад байгаа юм болов уу? Аав ээж 2-г ч хувийн асуудалдаа халдаахаа байсаан, чааваас уул нь муу хүүгийхээ төлөө л хэлж байгаа юмсан, даанч ойлгох ухаан дутаад л байна даа.

Энэ удаад сайхан толгой холбож уран сэтгэж бичсэнгүй, бичээд байхаар сэтгэл ч төрсөнгүй. Урьд нь бичсэн юмнуудаа хараад өөрөөрөө хаяа бахархах юм гэхдээ томчуулыг яаж ч гүйцэхэв. Пессимистик хүн болж төлөвшөөд байх шиг байна даа, аяандаа гайгүй болох байх гэж хараад суултай нь биш дээ. Хичээлийг бол гаргаахгүй л хийчих юм гэхдээ амьдралыг яаж хичээлтэй зүйрлэхэв. Хайрлаж дурлаад л суумаар насан дээр ийм ч юм бодоол явж байх гэж. Тэгж бодлоо гээд харсан охиндоо хайр зарлаад гүйлтэй нь биш, харахад сайхан охидууд байх ч хайрлахад сайхан охидууд байдаг юм шиг санагдаж эхэлсэн. Тэгж явтал нэгэнд нь сайн болох байлгүй дээ, яараад юу хийхэв.

Ойрын төлөвлөгөөнд цагын ажил орсоон, одооноос биеэ сайтар дааж сурахгүй бол энэ 2 минь дандаа хажууд байх биш, ядаж л халаасныхаа мөнгөө өөрөө олчихдог болоё доо. Хүний амьдрал гэдэг сонион... уурлах, ухаарах, уйлах, инээх, тэнэглэх, алдах гээд л явж өгдөг хорвоо. За нэг л их юм мэддэг хүн шиг биччих вүү дээ, хэдхэн хүн уншдаг болохоор гайгүй байлгүй дээ.