Saturday, December 17, 2011

Нэг Өдөр

Хэрвээ хүний амьдрал ганцхан өдрийн хугацаатай байсан бол яах вэ? Хэрвээ хүн хорин дөрөвхөн цаг амьдраад үхдэг бол яах вэ? Хүн маш хурдан хөгширч 1440 минутын дотор үхнэ. Энэ үед хүн бүр өөрийхөө амьдралыг утга учиртай өнгөрүүлж ямар нэг хэрэгтэй зүйл хийхэд зориулах, эсвэл ханатлаа зугаацаж аваад ертөнцийн мөнх бусыг аз жаргалтай царайтайгаар үзүүлэх байсан бизээ.

86400 секунд амьдраад үхэх хугацаанд чи бол миний хамгийн аз жаргалтай дурсамж байх болно. Чиний ялдам инээд, уянгалаг зөөлөн хоолой, ичингүйрч нуугдсан харц, сул хар үс чинь миний сэтгэлд тодоос тод үлдэж, үүл дээшээ орших диваажингын хаант улсын хурцаас хурц гэрэл болох болно. Хүний амьдрал дэндүү богинохон доо, богинохон. Тийм байсан ч би чамайг хайрлахаа зогсоохгүй. Тэнгэр дээрээс нурж, газар доороос хөдөлж, аадар бороо орж, аянга цахилж байсан ч чамайг хайрласаар байх болно. Учир нь чи бол миний хувьд хэзээ ч марташгүй мэдрэмж, юутай ч зүйрлэшгүй амт. 

Бодит байдал дээр бид их олон жил амьдарна. Сурна, хөдөлмөрлөнө, аялна, дуулна, уйлна, жаргана бас зовно... Энэ бүхий л зүйлс бидний өнгөрсөн, одоо, ирээдүйд байсаар л байна. Гэхдээ хайр гэдэг зүйл шөнийн тэнгэрт харваад өнгөрөх ододтой адил ховор ч, номонд тэмдэглэгдэн үлдэж зуу зуун жил дамнан шагшигдах зохиол ч болж болно. Уиллиам Шекспир "Ромео Жуллиет Хоёр"-ыг зүгээр сууж байгаад биччихээгүй нь лавтай, ямар нэгэн хайр эсвэл жинхэнэ болсон явдал түүний онгодыг дуудаж агуу хайрын зохиолоо бичихэд нь тусалсан байх. Тиймээс би чамайг хайрласан хайраа дэлхий даяар уншигдах агуу зохиол болгож чадахгүй байж магад ч, чи бидний хооронд байх бяцхан тэр зайнд Ромео Жуллиетээс илүү бас аз жаргалтай төгсгөлтэй тэрхүү романыг бичихэд минь туслаач. Би хэдхэн жил ч амьдрах бай хамаагүй, чамайг хайрласан хугацаа минь хэдэн зуун жил ч бай хамаагүй, миний сэтгэлд чамд дурласан хугацаа минь амьсгал хураах мөчид нэг өдөр эсвэл 24 цаг эсвэл 1440 минут эсвэл 86400 секунд байсан юм шиг л хангалтгүй санагдах болно. 

No comments:

Post a Comment