Sunday, June 5, 2011

Зөвхөн урагшаа алх.

Амьдрал утгагүй санагдаж, дэргэд чинь чамайг гэх хэн ч байхгүй болоход чи юу бодогддог гэж бодож байна? Чи хэнд ч юу ч ярьж болохгүй, яагаад гэвэл тэд ойлгохгүй... Чиний мэдэрч байгааг мэдэхгүй учраас. Үхмээр санагдаж байна уу гэж үү? Үгүй... Бүр амьдрамаар санагдаж байна.

Хорвоо гэдэг уужим дэлхий, уулын зам намтай өндөртэй, хүний амьдрал эрээнтэй бараантай. Чухам ертөнц чиний мууг үзэж гарах гарцгүй болгосон цагт чи зүрх сэтгэлээ сонсоорой. Тэр чамд нэг зүйл хэлэхийг хичээж байгаа, заавал сонсоорой. Би одоо тэрний юу хэлж байгааг сонсохгүй байна. Би түүнийгээ гүйж байхдаа хаа нэгтээ алдчихаж. Буцах явах гэтэл цаг зөвхөн урагшаагаа л цохилдог, хэн нэгнийг олж ирэхийг хүлээнэ гэвэл алтан цагаа үрсэн ялд унана. Яалтай ч билээ дээ, цаашаа л явхаас.

Ирээдүйд намайг юу хүлээж байгааг би хэлж мэдэхгүй ээ. Гэрэлтэй эсвэл харанхуй амьдралын алин болохыг нөгөө бурхан гэдэг аугаа хий хоосон зүйл нь мэдэж байгаа. Би өөртөө л итгэдэг, гэхдээ тэр итгэл минь үнэхээр бага болчихож дээ чааваас. Амьдрал хэцүү санагдаж бүгдийг өнөөдөр дуусгамаар санагдах мөч ирэхэд хүний цээжинд хүнд юм л мэдрэгддэг юм байна. Би амьдралыг тавьсан занганд өөрөө гүйгээд орчихож, одоо миний харж байгаа зүйл зөвхөн өтгөн манан. Намайг чи алдаж гишгэхийг хүлээж байлуу? Тэгвэл би алдаж гишгэх байтугай, чиний өмнө инээдийг чинь хүргэн ухаангүй хэвтэж байна. Чи надаар юу дуртайгаа одоо хийж болно. Чи надад байсан бүх найдварыг нэг нэгээр нь алчихсан, одоо тэд амь орохоосоо өнгөрсөн. Амьдрал чи намайг мохоож байна даа.

Хаяа хаяадаа нүдэнд минь гал дүрэлзэнэ, харамсалтай нь удалгүй бөхнө. Чухам энэ л амьдрал гэдэг нь байх, чухам энэ л жаргал, зовлон гэдэг томъёо нь байх. Энэ 2 томъёон дунд хүмүүний амьдрал эцэс төгсгөлгүй эргэнэ, азтай нэг нь жаргаж, аз дутсан нэг нь зовно. Гэхдээ битгий бууж өгөө анд минь, хорвоо чамайг надад хандаж байгаа шигээ байвал битгий бууж өг. Яг түрүүний хэлсэн шиг цаашаа л яв. Солонго гарахын өмнө аадар бороо ордогыг сана, нар мандахын өмнө түнэх харанхуй ноёолдогыг сана.

Зүрх сэтгэл минь юу хэлж байгааг одоо би сонсож байна. Амьдралын тавьсан занга нь жаргалын түлхүүр байдгыг сануулж байна. Гишгэл алдах үед чинь тосч авахгүй ч мууг үйлддэггүйг хэлж байна. Тиймээс найз минь энгүй энэ хорвоо хатуу биш харин зөөлөн юм байна. Битгий жаргал ирнэ гэж хүлээ, түүнийг амьдралаас булаагаад ав. Тэрэнд бүгдэнд нь хүрэлцэхүйц жаргал байгаа, гэхдээ урагшаа явахаа мартаж болохгүй, мартсан нэг нь өнгөрсөндөө үлдэж зовдог жамтай юм шүү. Иймд чамд аз жаргал хүсье. Амьдрал чамайг бас намайг мохооддоггүй хурцалдаг, тэр нулимсанд дургүй инээмсэглэлд дуртай.

No comments:

Post a Comment