Thursday, April 14, 2011

Хэрэггүй амьдралыг хэнэггүй туулъя

Хавар болжээ... Өвс ногоо гарч ирээгүй байгаа ч нимгэн хувцастайгаа ганцаархнаа чимээ шуугиан бужигнасан гудмаар алхахад халууцах шиг. Нас нь явсан утасныхаа хэдэн хуучин дууг өдөр болгон ээлж дарааллан сонссоор удахгүй бүгдийг нь цээжлэх байх. Урь ороод ч тэр үү их л ажил хичээл ихтэй бас идэвхитэй амьдралд хөл тавьсан. Намайг ийм байхыг нэг л хүн хүссэн гэж бодоод өөртэйгээ тэмцэн түүний төлөө өөрийгөө завгүй бас залхуугүй байлгаж бор өдөр хоногыг туулан өнгөрүүлнэ.


Дурлал гэж сохор болохоор сайн болохгүй гэж хичнээн зүтгэж, цээжиндээ түгжсэн хэдий ч хорьж болохгүй шувуу адил хэн нэгний өлмийд нисч очоод далавчаа хураан суужээ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй болохоор тэр мэдээж бусдаас онцгой зүйлүүдтэй. Түүний байгаа байдал биеэ даасан яг л тэнгэрт хэний ч туслалцаагүй хөвөх үүл мэт. Харц нь сэтгэлийг минь нэвт харж байгаа мэт мэдрэгдэхээр ухаалаг бас хүчтэй нь юутай ч зүйрлэшгүй. Бид магадгүй жирийн л нэг найзууд байх, хэрэгтэй үедээ ам нээж бусад үед нь би ярих шалтгаан эцэс төгсгөлгүй бодлын далайгаас хайна. Тэрнийг харах тоолонд зүрхэнд минь аянга бууж хурдан хирнээ хүчтэй цохилох ч нөгөө талаас тархины минь эс амьсгал хурааж байгаагаа илэрхийлэхэд харамссан уушиг минь гүнзгий амьсгаа авч харууслын аязаар буцаан гаргана.

Би төөрч байна, би үзүүр нь харагдахгүй харанхуй ой дунд хөл нүцгэн хэн нэгнийг хайн ядрахаа мэдэлгүй гүйж байна. Би айж байна, би уйтай орчлонгын гашуун зовлонгоос ахиж амсахвий гэхээс үхэтлээ айж будилж сууна. Эр хүний зориг тэвчээр хаана байна аа? Аан тийм магадгүй жилийн өмнөх үхлийн шархнаас болоод хорвоогын мөнх бусыг үзүүлсэн байж болох оо. Тэр шарх анисан хэдий ч сорьвоо хэдийнээ цээжин дээр минь хичнээн арчилсан ч арилахгүйгээр үлдээжээ. Хөөрхий дөө энэ залуу гэж өрөвдсөний хэрэггүй ээ, би таниар өрөвдүүлэхээр гавъяа байгуулсан баатар хүн биш, би бол гаднаа жаргалтай ч дотроо зовлонтой олон мянган залуусын нэг нь.

Гэхдээ өдий зэрэгт хүрэх цагын шуурганд би баяр гуниг хосолсон амьдралдаа ганц зүйлийг сурсан байж магадгүй гэж өөрийгөө дуу муутай ч бахархалтайгаар итгүүлдэг. "Хэзээ ч битгий бууж өг" энэ бол миний амьдралдаа баримтлах эхний бас эцсийн зарчим. Нулимсаар ундалдаг амьдрал чиний бахыг хангаж чиний өмнө өвдөг сөхрөн давстай шүүдрийн дуслаа унагахгүй ээ. Би чиний өмнө босч зогсоод хамгийн чангаараа "Би чамаас айхгүй байна" гэж худлаа ч гэсэн хэлэх болно. Тиймээс би алтан шар нар мандахтай зэрэгцэн босч толинд өөрийгөө хараад чиний жаргах цаг чинь болсон гэж хэлээд гэрийнхээ босгын давна аа.

Шударга үнэн бас зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн л юм бол би энэ удаа ялагдал харууслын вальсыг сонсох ёсгүй ээ. Хэзээ нэгэн цагт гэж өөрийгөө тайвшруулсаар залхлаа, тиймээс би өнөөдрөөс, нарт энэ ертөнцөд амьдрал чамтай дайн зарлаж байна. Хэн нь ч ялсан бай би харамсахгүй ээ, хэнийх нь ч зөв байсан би хайхрахгүй ээ. Надад ганцхан зүйл л хамаатай тэр бол чи... 

Чи надтай байхад би зовлонгын жаргалтайг гайхна, 
Чи надтай байхад би ялагдлын дуунд баяртайгаар бүжиглэнэ, 
Чи надтай байхад би өвдсөн ч бахархалтайгаар инээх болно,
Чи надтай байхад надад өөр юу ч хэрэггүй ээ.




2 comments:

  1. Таалагдлаа амжилт үргэлжлүүлээд байгаарай!

    ReplyDelete