Tuesday, May 24, 2011

Хариултгүй асуулт

Энэ дэлхий дээр юу хамгийн сонин гэдгийг та мэдэх үү? Тэр бол хайр.

Хаврын хавсарга хавиргийг минь нэвт үлээнэ, яг л намайг тэр дор нь хийсгээд аваад явчих гэж байгаа юм шиг л догшин авирлана. Гэхдээ тэр намайг аваад явах учиргүй, хүний гол юм байна бас үлдчих байлгүй. Хурмаст тэнгэр уйтгарлаж байсан учир гунигаа дийлэлгүй мэгшин уйлж эхэллээ. Бас л бороо... цагаа сайн олох юм аа.

Хэдхэн цагын өмнө л би зүв зүгээр байсан юмсан, тэгтэл одоо энгүй их хорвоогын хэсэгхэн хирнээ хэмжээлшгүй их шаналал духны үрчлээсийг бататган бодол болон хувирсан байгааг мэдэрлээ. Би хүүхэд байхдаа зовлон үзсэн хүний магнай үрчлээ ихтэй байдаг гэж боддог байлаа, харин өнөөдөр тэдний нэг болоод явахаа даанч мэдээгүй явж дээ хөөрхий, эрх загнасан бага насаа гэж...

Дуунд дуртай Монгол ард түмнийхээ нэгэн адилаар дуулах дуртай, би. Микрофондоо хамаг зовлогоо шинэгээгээд цээжнийхээ хамаг чадлаар дууллаа. Хоолоо минь хүрэхгүй ч зүрх сэтгэлийнхээ гүнээс дууллаа.

Love of my life don't leave
You've taken my heart
And now you leave me
Love of my life can't you see... гээд хоолой зангирав, хэсэг хугацаанд чимээгүй сууж бодлоо цэгцэллээ, би одоо ингэж болохгүй... би одоо сул талаа бусдад харуулж болохгүй. Ая явсаар л дэргэдэх хүмүүс дуулсаар л. Ахин нэг удаа гүнзгий амьсгаа авч үргэлжлүүлсээр арай хийж микрофоноо шаналалаасаа салгалаа. Фреди Меркьюри энэ дууг дуулж байхдаа надтай адилхан зовдог байсан болов уу? Хэн мэдэхэв дээ, гэхдээ түүний нүдэнд минийхтай адилхан гуниг харагдаж байсан.

Уушийн газраас гарлаа. Бороо орох гэж байгаа мэт л тэнгэр бүрхэж шороогоор шуурна. Гурван жил ханилсан нөхдөөсөө салаад зам дагуу холхих хүмүүсийн нэг нь боллоо. Боломж гарч магадгүй гэж бодоод түүн рүү утасдлаа, хариултыг нь мэдэж байсан ч би тэнэг юм болохоороо хэзээ ч бууж өгөхгүй л дээ... Бороо орж эхэллээ... Бороо ч цагаа сайн олох юм аа. Яг л урьднах шигээ, зовлонг минь хуваалцдаг миний ганц сайн найз бороо. Түүнтэй мэндэлсэн болгож алгаа дээш нь харууллаа. Мэндийг зөрүүгүй л алгийг минь норголоо, санавал намайг зэмлэж байгаа мэт санагдав. Хэдий би дээвэр доор байсан ч тэр бүгдийг нь харсан бололтой... Уйтгар гуниг явж ч магадгүй гэж татсан ганц хундагыг хүртэл. Цааш гэр лүү зүглэх шулуун боловч хөл ихтэй зам хороонгоо өөрөөсөө асуулаа "Хайр гэж юу юм бэ?" Халамж амлах ягаахан уруулыг уу? Халуунаар тэврэх дулаахан тэврэлтийг үү? Хайртай гэж хэлэх зангирсан хоолойг уу? Харцаа нуух тэр нэгэн ичингүйрлийг үү? Хэлж мэдэхгүй нь дээ... дөчийн талыг наслахдаа хариуг нь олоогүй юм хойно, ахиад нилээн л хугацаа хэрэгтэй байлгүй.

"Та яагаад хайр бол хамгийн сонин бас сайхан зүйл гэж хүмүүс ярьдагыг мэдэх үү? Хэхэ, би ч бас мэдэхгүй. Хэзээ нэг өдөр бүгдээрээ мэдэх байлгүй дээ, тэр болтол цөхрөлтгүй хэдүүлээ хүлээе."

No comments:

Post a Comment