Tuesday, June 21, 2011

Хаяа л...

Юм юмны эхлэл гэдэг их хэцүү. Хэрвээ та бат бөх байшин баръя гэвэл танд нугарашгүй хундаам байх хэрэгтэй, хэрвээ та хүмүүст таалагдъя гэвэл анхны сэтгэгдэл мартагдашгүй байх хэрэгтэй.

Хамтдаа өнгөрүүлсэн дурсамжгүй бол, хаяа өвдөх шаналалгүй
Хамтдаа татуулсан зураггүй бол, хаяа харах зовлонгүй...

Уужим энэ дэлхий дээр юм бүхэн өөрийн гэсэн зорилготой. Эгэл амьдралын минь хорин жилд орж гарсан хүн болгон надад нэгийг бус нэлээдийг заасан. Ээж минь надад амьдралын мөн чанарыг сургасан, эмээ минь надад хорвоогын мөнх бусыг үзүүлсэн, аав минь надад хүнд итгэх итгэлийг харуулсан, найз нар минь надад хүний сайхан орчлонг таниулсан. Ингээд бодохлоор хүн болгон хэн нэгэн өөр хүний амьдралд хөл тавих болгондоо түүнээс бас түүнд ямар нэгэн зүйлийг ухааруулдаг. Тэр зүйл ямар ч зүйл байж болно, эрээнтэй бараантай энэ хорвоод мууг үйлдэх нэгэн мууг зааж сайн явах нэг сайныг сургана. Гэхдээ чи надад юу сургасан бэ?

Би чамаас өөрөөрөө байхын гоо үзэсгэлэнг сурсан байж болох оо, би чамаар хүнээс дутахгүй явахыг заалгасан байж магадгүй ээ, би чамаар хүн болгонд боддог өөр нэгэн байдаг гэдгийг заалгасан байх аа. Хэдий олон зүйл заалгасан ч чиний явах цаг чинь 1 жилээр эрт байна, магадгүй 6 сар, магадгүй маргааш. Дотор минь байсан бүх мэдрэмж мэдрэгдэхээ болихтой зэрэгцээд чи миний даруухан хэрнээ хөгжилтэй амьдралаас босго даван гарлаа, баяртай.

Хэн нэгнийг тавьж явуулна гэдэг зүрхнээсээ нэг хэсгийг өгөөд явуулахтай адил амаргүй даваа. Зовлон шаналал, уйтгар гуниг, ганцаардал... Энэ бүгд та зүрхээ хэн нэгэнд атгуулаад алдахад мэдрэх мэдрэмж. Харууслын гашуун нулимас хоолойнд чинь зангирахад хайр гэдэг гашуун хэрнээ амттай дарснаас ахиж амсахгүй гэж ам тангараг өргөж үлдсэн амьдралаа ганцаар туулахаар сэтгэл шулуудаж энэ биеэ үл хайхран тэмцэх эцэс төгсгөлгүй халуун цөлийн аян замын эхлэл. Гэвч хүний хүү чи бүү шантар.

Бороонд норж дуусаагүй бол борооноор жаргалтай алх. Итгэл сэтгэлд хязгаар байдаггүй чиний цээжинд энэ ертөнцийн хамгийн сайхан хайрлахын жаргал үүдийг чинь тогших цаг ирнэ ээ. Иймд би ч бай чи ч бай анд минь бидэнд зөвхөн ирээдүй гэдэг ганцхан бас эцсийн сонголт байгаа. Өнгөрсөндөө амьдарвал уруудахын цондон.

Хэрвээ гол эсрэгээрээ урсаж, цэцэг доошоогоо дэлбээлж, хүн хөгширч биш залуужиж үхдэг байсан бол магадгүй би чамайг өчигдөртөө амьдрахыг хүлээн зөвшөөрье. Одоо чиний сэтгэлд хэн нэгэн байж, яг энэ мөчид л чи түүнийг санаж үүнээс илүү зовлон байхгүй юм шиг өвдөж байвал, найз минь чи маргааш ирэх үүнээс хүнд давааг яаж давна даа... Өнгө алаг энэ орчлонд амьд явахад жаргадаг болохоор тэнгэрт хальсан үй түмэн хүмүүсийн хүсээд хүсээд олдошгүй өнөөдрийн тоосыг хөдөлгөж яваа хүмүүн чи бүү бууж өг.

... Хамтдаа явсан замгүй бол, хаяа эргэж харах шаардлаггүй
Хамтдаа хийсэн зүйлгүй бол, хаяа дурсан санах санаашралгүй.

Sunday, June 5, 2011

Зөвхөн урагшаа алх.

Амьдрал утгагүй санагдаж, дэргэд чинь чамайг гэх хэн ч байхгүй болоход чи юу бодогддог гэж бодож байна? Чи хэнд ч юу ч ярьж болохгүй, яагаад гэвэл тэд ойлгохгүй... Чиний мэдэрч байгааг мэдэхгүй учраас. Үхмээр санагдаж байна уу гэж үү? Үгүй... Бүр амьдрамаар санагдаж байна.

Хорвоо гэдэг уужим дэлхий, уулын зам намтай өндөртэй, хүний амьдрал эрээнтэй бараантай. Чухам ертөнц чиний мууг үзэж гарах гарцгүй болгосон цагт чи зүрх сэтгэлээ сонсоорой. Тэр чамд нэг зүйл хэлэхийг хичээж байгаа, заавал сонсоорой. Би одоо тэрний юу хэлж байгааг сонсохгүй байна. Би түүнийгээ гүйж байхдаа хаа нэгтээ алдчихаж. Буцах явах гэтэл цаг зөвхөн урагшаагаа л цохилдог, хэн нэгнийг олж ирэхийг хүлээнэ гэвэл алтан цагаа үрсэн ялд унана. Яалтай ч билээ дээ, цаашаа л явхаас.

Ирээдүйд намайг юу хүлээж байгааг би хэлж мэдэхгүй ээ. Гэрэлтэй эсвэл харанхуй амьдралын алин болохыг нөгөө бурхан гэдэг аугаа хий хоосон зүйл нь мэдэж байгаа. Би өөртөө л итгэдэг, гэхдээ тэр итгэл минь үнэхээр бага болчихож дээ чааваас. Амьдрал хэцүү санагдаж бүгдийг өнөөдөр дуусгамаар санагдах мөч ирэхэд хүний цээжинд хүнд юм л мэдрэгддэг юм байна. Би амьдралыг тавьсан занганд өөрөө гүйгээд орчихож, одоо миний харж байгаа зүйл зөвхөн өтгөн манан. Намайг чи алдаж гишгэхийг хүлээж байлуу? Тэгвэл би алдаж гишгэх байтугай, чиний өмнө инээдийг чинь хүргэн ухаангүй хэвтэж байна. Чи надаар юу дуртайгаа одоо хийж болно. Чи надад байсан бүх найдварыг нэг нэгээр нь алчихсан, одоо тэд амь орохоосоо өнгөрсөн. Амьдрал чи намайг мохоож байна даа.

Хаяа хаяадаа нүдэнд минь гал дүрэлзэнэ, харамсалтай нь удалгүй бөхнө. Чухам энэ л амьдрал гэдэг нь байх, чухам энэ л жаргал, зовлон гэдэг томъёо нь байх. Энэ 2 томъёон дунд хүмүүний амьдрал эцэс төгсгөлгүй эргэнэ, азтай нэг нь жаргаж, аз дутсан нэг нь зовно. Гэхдээ битгий бууж өгөө анд минь, хорвоо чамайг надад хандаж байгаа шигээ байвал битгий бууж өг. Яг түрүүний хэлсэн шиг цаашаа л яв. Солонго гарахын өмнө аадар бороо ордогыг сана, нар мандахын өмнө түнэх харанхуй ноёолдогыг сана.

Зүрх сэтгэл минь юу хэлж байгааг одоо би сонсож байна. Амьдралын тавьсан занга нь жаргалын түлхүүр байдгыг сануулж байна. Гишгэл алдах үед чинь тосч авахгүй ч мууг үйлддэггүйг хэлж байна. Тиймээс найз минь энгүй энэ хорвоо хатуу биш харин зөөлөн юм байна. Битгий жаргал ирнэ гэж хүлээ, түүнийг амьдралаас булаагаад ав. Тэрэнд бүгдэнд нь хүрэлцэхүйц жаргал байгаа, гэхдээ урагшаа явахаа мартаж болохгүй, мартсан нэг нь өнгөрсөндөө үлдэж зовдог жамтай юм шүү. Иймд чамд аз жаргал хүсье. Амьдрал чамайг бас намайг мохооддоггүй хурцалдаг, тэр нулимсанд дургүй инээмсэглэлд дуртай.