Эзэнгүй гудамж... гэрэлгүй цонх... хэнийг ч үл хайхрах бороо, энэ бүгд хоёр нүдээрээ харсан зүйлс минь. Би гэрээсээ гарлаа, бороо орсоор л... эхлээд тэр хөрж амжаагүй байсан хацрыг минь норголоо, дараа нь гар, дараа нь үс. Бороо надад ямар байгааг ойлгосон юм шиг л миний дээрээс дусал дуслаар бууж байлаа. Ганцаардал цээжинд минь хаант улсаа байгуулаад хэдийнээ амжижээ, гэсэн хэдий ч бороо тэр улсыг мөхөөхийг хүсч, хэлж чадахгүй ч гэсэн надад хань болмоор байгаагаа хэлгүй тэнгэрээс буух албатуудаараа дамжуулна. Зүрх минь үхэж, шаналалын ангал руу унаж байхдаа түг түг хэмээн лугшсаар харанхуй руу шидэгдэх замд хамтрагч минь болж тайтгаруулахыг оролдсон бороо. Тэр миний зовлонг өөрийн ид шидээрээ анагаахын хүсэх боловч найдвар тасарсан гэдгийг би мэдэж байлаа. Яг энэ мөчид хөл минь намайг дагуулан хаа нэгтээ хэн нэгнийг хайн явав.
Гэгээтэй хэдий ч хүйтэн хөндий тэр замаар хайсаар бас алхасаар. Нэлээд хугацаа өнгөрлөө, нэг л мэдэхэд тэдний гадаа байлаа. Бороо орсоор л... гарч ирэхгүйг нь мэдсээр байж цонхноос нь нүд үл сална. Гэнэт ганцаардлын тоосонд дарагдсан дурсамжаас минь тэр нэгэн хаврын уйтай өдөр гэрэлтсээр гарч ирэн бодлын далайд минь унав. Би нэг залууг харж байлаа, итгэл найдвараар дүүрэн тэнэгхэн тэр залуу бол би... Хайрын баланд мансууран тэсгэл алдахдаа сэтгэлээ үл барьж чадсан тэр нэгэн залуу.Тэр хэн нэгний араас урам зориг, сэтгэл зүрх, бүх найдвараа өвөртлөн ангиасаа яаран гүйн гарлаа. Би түүнд хамаг чангаараа зогс! битгий! гэж хэлэх гэсэн боловч би дуугарч чадалгүй хоосон горьдлого тээн ширтэнэ. Тэр өөрийн хайж байсан хүнийг олсон бололтой... харамсалтай нь өвөртөлж гарсан бүх урам нь хормын төдийд ганцхан үгэнд хугарч, эр зориг нь тэр дороо мохож, сэтгэл зүрх нь ахин дахин хайр найргүй амнаас гарах хурц авианд зүсэгдэж, хоёр нүднийх гал ус цацуулсан юм шиг мөхөж байгааг би харж байлаа. Залуугын амнаас гарсан хамгийн сүүлийн үг нь "-Баярлалаа", энэ үг эцэс төгсгөл нь үл харагдах шаналалын үүдийг нүд эрмэх зуур нээсэн түлхүүр байсан юм.
Ухаан минь эргэн ирэхэд би бүдэгхэн гэрэлтэй тэр цонхруу ширтсэн хэвээр, бороо орсон хэвээр боловч өөрчлөгдсөн ганц зүйл нь шалба норсон хувцас. Сэтгэл шулуудан харихаар шийдлээ, нэгэнт л тэр гарч ирэхгүйгээс хойш... хамгийн сүүлийн удаа эргэж нэг хараад чигээрээ алхалаа. Энэ мөчид би даарснаа бас норсноо мэдэрлээ. Улам хурдан, улам том алхасаар... эргэж харчихвий гэхээсээ айж чигээрээ зам дагуу алхасаар л. Хаа нэг тийш алхан өнгөрөх хүмүүс, гэр лүүгээ хурдалж буй машинуудыг үл тоон цээжин дотор өрнөх тулааныг үргэлжлүүлсээр нэг нь мэдэхэд хуучин цэнхэр будаг нь халцарсан орцныхоо хаалганы дэргэд ирсэн байв...
Би гэрээсээ гарахдаа энэ бороонд гашуун дурсамжийг минь угаагаасай гэж хэтэрхий их найдаж байж. Хэдий тэр хүслийг минь гүйцэлдүүлж чадаагүй ч, чадах ядахаараа миний хажууд байж хүйтэн дуслаараа бүлээн нулимасыг минь далдалсан чиний ачийг би мартахгүй.