Өвөл болчихсон гэж хэлэхэд буруудахааргүй гадаа хүйтэн болжээ. Хатсан навчис модноосоо унаж дуусаагүй байхад хүйтний эрч саарал хотыг минь бүрхэж, жихүүн салхиараа хацрыг минь хайрна. Хичээлээс гадуур татаж авсан кинонуудаа үзэж хананд тогших цагын зүүг явуулна, яг л байдгаараа... Яагаад ч юм гэнэт нэг зүйл урагдаж сэмэрсэн дэвтэр шиг бодолд минь тод гэгч нь цэнхэр үзгээр бичиж буй мэт буулаа... зорилго. Нэг их олон хавар намрыг үзээгүй ч өдий наслахдаа энэ талаар нухацтай бодож байсан удаагүй. Ингэхэд миний туйлын зорилго юу юм болоо? Аз жаргалтай гэр бүл гэж ам бардам хэлэх ч яг юуг хэлээд байгаагаа үл мэднэ. Нэг онигоо цухас дурдвал "Таны оюун ухааны, биеийн болон санхvvгийн боломжоос хэтэрч гарсан ирээдvйд гvйцэтгэх ажлын тєлєвлєгєєг мєрєєдєл гэдэг юм". Аз жаргалтай гэр бүл гэдэг мөрөөдөл энэ онигоон дээрхи шиг хэцүү зүйл гэж үү? мэдэхгүй. Өөрийн биеэр үзэтлээ үүнийг мэдэхгүй биз. Намайг хайрлаж, би хайрлах хүн гарч иртэл мэдэх юм алга...
Жилийн өмнө надруу харсан тэр алаг нүд миний цээжинд агшин бүр лугших тэр ганц агта зүйлийг хормын төдийд авч одсоноос хойш мөрөөдлөө олсон мэт өөртөө өөрчлөлт хийж билээ. Бүхэл төрлийн олон нийтийг хамарсан өөрийгөө хөгжүүлж болох зүйлсэд хамрагдаж бас өөрт байх дутагдалтай зан чанаруудаа засахыг хичээнэ. Чадах ч зүйл байсан, чадахгүй шантрах ч зүйл байсан. Гэвч энэ бүхний эцэст би гэдэг хүн өөрчлөгдсөөн... Би арван жилийн нусаа ч олигтой арчиж чадахгүй байж хүмүүсийг өөрөөсөө дорд үзэж, маргалдан мэтгэлцэж дээр нь гарахыг хичээдэг юугаа ч мэдэхгүй гэнэн балчир хүүхдээс үүргээ тал дутуу ч болов ухамарладаг, хүнтэй олигтойхон мэндлээд сурчихсан, анги хамт олон болон найз нөхөддөө үлгэр дууриал болж чадхаар залуу болж чадсан. Гэвч тэр алаг нүд өөр хүнийх болох тавилантай байсныг цус шингэн би яахан мэдэх билээ. Юу ч хийсэн өдөр хоног өнгөрч өгдөггүй тийм үеийг үзлээ. Өдөр болгон бодож шанална... Нэг өдөр нар урьдын зүүнээс мандан толгой дээр туслаа. Нарны гэрэл урьдны хэвээр хурц хэвээр байсан ч гэрлийг нь шингээсэн өтгөн хар халимаг үстэй толгой өчигдөрийнхээс тэс ондоон байлаа. Жилийн өмнө хулгайд алдсан тэр зүйл байрандаа эргээд ирчихсэн байв. Юунд ч үл шанална... яг л цэцэрлэгийн хүүхэд мэт. Хэдий гэнэт гарч ирж намайг тэр чигт нь байлдан дагуулсан мөрөөдлөө алдсан ч сэтгэл хангалуун байлаа. Зуны халуун өдрүүд харавсан сум мэт өнгөрнө... урьдны адил. Энэ бүхний эцэст жинхэнэ эр хүн болох эхний давааг туулахад төлбөр болгож зүрхийг минь түр зуур зээлдэн авч явсан алаг хоёр нүдэнд чин сэтгэлээсээн баярлалаа. Олон өдөр хоногыг цээжиндээ хүнд хар юмтай нөхөрлөн өнгөрөөсөн ч гэсэн хэзээ ч харамсахгүй. Болдог юм болдгоороон болж байгаа хойно намрын шаргал өдрүүдрийг баяр баясгалантайгаар үдхээс өөр зүйл тархины мэдрэлийг эсийг үл цочрооно.

No comments:
Post a Comment