Валентины баяраар та бидний хүртээл болсон уг дэлгэцийн бүтээлийг үзэлгүй явсаар өнөөдөр цаг гарган үзэж ямар дүгнэлт хийснийгээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Б.Чингүүн найруулагч бидний дунд өөрийн бүтээлүүдээр бидний амьдралын бяцхан баяр баясгалан, уйтгар гуниг, үгээр илэрхийлэмгүй мэдрэмжүүдийг харуулж зарим нэгний өдрийг илүү гэгээлэг болгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 17 минут үргэлжлэх уг богино хэмжээний кино залуу насны хайр дурлал хийгээд санаанд оромгүй эргэлтийг гайхалтайгаар харуулжээ. Гэвч энэхүү кинонд бага зэргийн логик алдаа гарсан эсвэл би л ойлгохгүй байгаа зүйлээ мөн хэрхэн нөлөөлсөнийг доор сийрүүллээ.
Эхний хэсэгт гол дүрийн залуу Анар буюу жүжигчин Наранмөнх хамтран амьдрагч охин Ананд буюу Энэрэлээс хайрын зөвлөгөө авч байгаагаар эхлэнэ. Анар "Найз охиндоо жинхэнэ романтик үдшийг бэлэглэмээр байна" гэж хэлэхэд нь аль хэдийн найз охинтой бөгөөд Валентинаар ямар бэлэг барихаа мэдэхгүй байгаа гэж ойлготол түүний ярианаас нь найз охингүй болж таарч бараг огт танихгүй охинд бэлэг барих гэж байгаа нь тодорхой болов. Анарын санаагаар бол төгс романтик үдэш хайртай охиндоо бөгж өгөөд "Чи миний Валентин болооч" гэж гуйх юм байх, ерөнхийдөө бол их сайхан санаа, гэхдээ бараг мэдэхгүй охиндоо гэнэт бөгж бариад Валентин болооч гээд чичирчихвэл бас сонин л доо. Мэдээж хэрэг нөгөө хайртай охин нь (Spoiler Alert) хамтран амьдрагч танхил охин болж таарсанд их баяртай байлаа.
Өөр нэг тархийг минь гашилгасан зүйл бол Мобикомыг рекламдаж дараахи, урьдчилсан болон хос дугааруудыг танилцуулж байхдаа "Дараахи төлбөрт бол чи бид 2 шиг энгийн оюутныг тоохгүй" гэсэн өгүүлбэр юм. Миний санахын жилийн өмнө буюу намайг оюутан байхад зайсангийн тансаг цагаан харшид өрөө хөлсөлдөг энгийн дундаж амьдралтай оюутан лав би мэддэггүй байсан ба бүр зүүдлээ ч үгүй. Хачирхалтай нь манай 2 энгийн дундаж амьдралтай оюутнууд маань Валентины өдөрт зориулж нэртэй салон орж бараг л бүх төрлийн үйлчилгээ хийлгэж, үнэтэй бөгж, брэндийн хувцас худалдаж авах нь тэр. Энэ явдал болсны дараачаас эхлэн магадгүй би буруу бодсон байх залуу нь баян айлын хүүхэд байж болно шүү дээ гэж бодтол үгүй юм аа. Гудамжаар Анандыг дагуулчихсан хөлийг нь өвдтөл алхуулж байгаа харагдлаа. Ядаж такси барьчмаар юм даа. Хэрвээ Анарыг энгийн дундаж айлын, чөлөөт цагаараа цагийн ажил хийдэг оюутан гэж авч үзвэл бас их Но-той. Оюутны цагийн ажил үсрээд л 400 000 цалинтай, дараачаар 9 дүгээр сараас авч эхэлсэн 2 дугаар сарынхыг оруулаад 6н сарын 70 000-г нэмбэл, тэр том байрны сар сарын түрээсүүд болон амьдрах өртөг нийлээд бүр яг таг нэмж хасахгүй байсан ч бас л эвгүй тоо гараад байгаа юм.
Одоо тоо бодохоо больж тархиа жаахан амраангаа хүмүүсийн сэтгэхүй болон нийгэмд энэхүү бүтээл ямаршуу ойлголт төрүүлж байгааг авч үзье. "Хариутай бол бариутай" энэ үг уг киноны өөр нэг нэр нь. Тусалсны хариуд заавал нэг юм хийх ёстой. Манай эцэг эх болон настай хүмүүс тус гэж хариу нэхэхгүй, сайхан сэтгэлийн үүднээс хүний төлөө хийсэн үйлдлийг хэлнэ гэсэн школоор намайг хүмүүжүүлсэн. Тэгтэл энэ 17 минутанд заавал хариу авахгүй бол бүр хөдөлж өгөхгүй нь ээ. Нэгдүгээрт "Чамд тусалсаны хариуд чи энэ сарын байрны мөнгийг төлөөрэй" гэсэн утга гарч ирэх ба дараачаар бүр цайрчихсан "Чамд мөнгө хэрэгтэй юу?" гэдэг юм байна. Нэг сонин зүйл ажиглагдсан нь нөгөө Анараас мөнгө авч Анандааг шулж байгаа найз нь харьцааны соёл жаахан дутмаг бөгөөд асуусан асуултанд "Мөнгө хэрэгтэй бол юу гэж? хэрэггүй бол юу гэж?" гэж хэлж байхыг хараад "Албатай юу" гэж хэлмээр. Ингээд л хөөрхий энэ нийгэмд "Хөдөлвөл хөлс" гэсэн сайхан уриаг бидний дотоод ухамсарт маань данхнаас цай юүлж байгаатай адил тонгойлгоод л хөнгөхөн гэх чинь хийгээд өгчихөж байгаа юм.
Бас нэг гайхалтай шинэлэг зүйл харуулсан нь хайраа илчилвэл алгадуулдаг гэсэн ойлголт. Анар 10 жилдээ нэг од охинд хайраа илчилсэн захиа өгөх гэтэл нөгөөх нь тас алгадаад эргэж ч харалгүй яваад өгөх юм гэнэ. Хэзээ ч, бүр хэзээ ч, ядаж захиаг нь уншаагүй байж бас хайрын захиа гэж гадарласан ч гэсэн юу юуны духанд хүрэлгүй алгадаад явах охин байдаггүй л байх. Зүгээр таалагдаагүй бол ядаж муухайгаар доромжлоод ч болтугай хэлээд явчих биз. Дараагаар алгадуулж үлдсэн манай залууг өөр хөвгүүд хараад шоололдон инээх нь үнэний ортой ч гэсэн ийм юм үзсэний дараачаар 10 жилийн хөвгүүд таалагдсан охиддоо хайраа илчилэх нь юу л бол.
Хайртай охиноо баярлуулахад эсвэл өөртөө татахад бүх юм төгс төгөлдөр байх ёстой гэсэн ухуулгыг Б.Чингүүн их сайн хийж чадсан гэж би хувьдаа дүгнэж байна. Өөгүй сайхан салоноос гарч ирсэн царай, үс, болон үнэтэй бөгж, тансаг вино, дэгжин хувцастай байж л та эмэгтэй хүнийг өөрийн болгох болно. Уул нь охидоос сонссоноор бол хөгжилтэй, ухаалаг, цэвэрхэн хувцаслачихдаг, мөнгөгүйгээ зарлаад байдаггүй, мөнгөөрөө зодоод байдаггүй эрчүүдийг илүүд үздэг юм байналээ хэн мэдэхэв дээ би буруу сонссон юм байлгүй.
Эцэст нь дүгнэж хэлэхэд манай кино урлаг хөгжиж Болливудын дундаж киноноос дээр кино хийдэг болсон ч жаахан логик буюу эрүүл ухаанаар юмыг дэлгэцнээ амьдруулвал үзэгч бидэнд илүү ойлгомжтой хүртээмжтэй байх болов уу. Шүүдэрцэцэг бичсэн юм шиг үлгэрийн гэмээр уг богино хэмжээний кино нь дээр дурдсан авцалдаагүй зүйл гэхээс илүү хайр сэтгэлийг харуулахыг зорьсон нь амжилттай болжээ. Магадгүй та намайг хэт их шүүмжиллээ, юу ч мэдэхгүй юм байж гэх байх л даа гэхдээ хэтэрхий төгс гэж хүмүүсийн бодож буй бодол бидэнд худал мэдээлэл өгч байгаад харамссандаа бүр цаашилбал сэтгэхүйд нөлөөлсөнөөр бидний амьдралд нөлөөлөх учир хэт шүүмжлэлттэй хандлаа.
No comments:
Post a Comment